logo

Хими цэвэрлэгээ, зөвлөгөө

Нэхий дээл арчилгаа, зөвлөгөө

Таныг чимж байдаг дулаан нэхий дээлээ хэрхэн зөв арчилж цэвэрлэх талаар зөвлөгөө өгье!

Нэхий бүтээгдэхүүн нь бусад гадуур хувцасны адил хүссэн үедээ өөрийн гараар угааж цэвэрлэх засаж сэлбэх боломж бага байдаг учраас түүнийг гадны аливаа бохирдол, механик гэмтлээс хамгаалан өмсөж эдлэх, арчилж цэвэрлэн өнгө үзэмжийг нь хэвээр хадгалах шаардлагатай байдаг.
Бүтээгдэхүүн маань өөрөө цэвэр арьсаар бүтээгддэг тул бүтээгдэхүүний гадарга дээр бий болсон аливаа бохирдол нь үүссэн шалтгаанаасаа хамаарч цэвэрлэгээний үед бүрэн гүйцэд арилахгүй тохиолдол ч бий. Тиймээс өөрийн нэхий дээл, эдлэлийг дараах зөвлөмжийн дагуу эдлэж, арчлаарай.

Цэвэрлэх болон арчлах заавар:

  • Угааж болохгүй
  • Хурц үзүүртэй болон толбо үлдээж болох зүйлээс хамгаал
  • Өлгүүрт өлгөж хуурай газарт гялгар болон цаасан уутанд хийж хадгална. Цагаан эрвээхэй идэх вий гэж санаа зоволтгүй. Учир нь таны нэхийг боловсруулахад ордог бодис нь шавьжнаас хамгаалдаг тусгай бодис агуулдаг.
  • Илгэн бүтээгдэхүүн бохирдохдоо амархан байдаг учраас тоосжилтоос хамгаалж, мөн цахилгаан цэнэгийг бууруулах зорилгоор өглөө болгон үслэг сойзоор сойздож байх хэрэгтэй.
  • Өнгийг нь сэргээх гэвэл цасан дээр хөнгөхөн цориход сэргэнэ.

Нэхий дээлний товч хадах заавар:

  • Нэхий дээлэнд товч хадахдаа үндсэн товчны зэрэгцээ товч оёсон гадаргыг сэтэрч урагдуулахгүйн тулд жижиг контур товчийг дээлнйи дотор талд давхар оёдог. Дотор талд үсийг нь утастай орооцолдуудахгүйн тулд нимгэн цаас тавьж жижиг контур товчийг тавьж оёод цаасыг урж авна.

 

Ер нь толбо дусаж, бохир болсон тохиолдолд хурдан цэвэрлэх хэрэгтэй.

  • Бага зэргийн тос толбыг нэхийг нэхийгээр үрэх, мөн хар талхаар үрэхэд арилна. Бага зэргийн тосны толбо нь нунтаг шохой тавьж уулгах, нэхийг нэхийгээр нь үрэхэд арилна.
  • Цас бороонд болон бусад байдлаар норсон тохиолдолд нарны шууд тусгалаас хол, тасалгааны температурт хатаана. Халаагуур болон бусад хатаах хэрэгсэлээр хатааж болохгүй. Хатсаны дараа шаардлагатай бол ширүүн үстэй хялгасан сойзоор жигд самнаж цэвэрлэнэ.
  • Гарцаагүй тохиолдолд хуурай даавуу тавьж илгэн талаас нь индүүднэ
  • Их хэмжээгээр бохирдсон тохиолдолд та нэхий дээлээ технологийн дагуу зориулалтын хими цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлээрэй
  • Усгүй хими цэвэрлэгээ нь нэхийний дулаан чанарыг хадгалж чадна. Бас агшихгүй.

Санамж:  Та дээлээ сүү, жимсний шүүс, ундаа, шар айраг, вино, хоолны сүмс болгохоос болгоомжлоорой! Учир нь эдгээр зүйлсийн толбо хими цэвэрлэгээний явцад бүрэн гүйцэд арилдаггүй тал байдаг.

Савхин хувцасыг гамтай эдэлж, хамгаалах тухай

Зуны цагт, өвлийн хувцасыг зүй зохистой хадгалах шаардлагатай болдог. Арьс савхины гол бүрэлдэхүүнд уураг байдаг болохоор амархан чийгтэх, хөгцрөх, хорхойтох байдал гардаг. Иймээс хүмүүс савхин хувцас эдлэхдээ, янз бүрийн тос болон хүчил, шүлтлэг бодист хүрхээс зайласхийхийн зэрэгцээ, доорхи хэдэн зүйлийг анхаарах хэрэгтнй байна.

  • Угааж болохгүй
  • Хурц үзүүртэй болон толбо үлдээж болох зүйлээс хамгаал
  • Өлгүүрт нарны шууд тусгалаас далд, салхи нэвтрэхгүй хуурай газарт өлгөж амьсгалдаг уут болон цаасан уутанд хийж хадгална.
  • Савхин хувцас хэрвээ бороонд нороод чийгтэж хөгцөрхөд хүрвэл, хуурай даавуу алчуураар сайтар арчиж цэвэрлээд сэрүүхэн сүүдэр газар тавьж хатаана. Ус нь арьс савхийг хатууруулж, бензин нь арьсийг түлдэг болохоор савхин эдлэлийг чийгтэй алчуур юм уу бензинтэй зүлгүүрээр арчиж болохгүй.
  • Савхин хувцасны өнгө нь буурвал, савхи өнгөлөгчөөр өнгөлж болно, харин гутлын тос түрхэж болохгүй шүү.
  • Хэрэв савхин хувцсанд чинь атираа үрчлээ орвол халууны хэмжээ нь 60ºС-70ºС байгаа цахилгаан индүүгээр индүүдэж болно. Индүүдэхдээ даавуугаар дэвсгэрлээд цааш нааш зогсолгүй индүүдэх хэрэгтэй.

Гутал цэвэрлэх аргууд

Шавар шаахай,тоос шорооноос болоод гутлын эдэлгээнд өөрчлөлт орох тохиолдол их  бий. Тиймээс зөв арчилж, цэвэрлэх нь чухал юм. Хэдийгээр гутлын төрөл олон янз боловч гутлын гол түүхий эд нь ихэвчлэн шир байдаг. Үхрийн шир зөөлөн,эдэлгээ сайтай гэдгээрээ хамгийн чанартайд тооцогддог хэдий ч матар,могойн арьс болон лак,даавуун материалаар гоёлын гутал хийх нь элбэг байдаг. Арьснаас гадна гутлын зарим хэсгүүдэд резин,төмөр,чулуу зэргийг ашигласнаар гутал нь хөлд эвтэйхэн болдог. Ер нь ямар ч гутлыг өнгө хэлбэрийг нь алдагдуулалгүй арчилж чадвал хичнээн өмссөн ч болох билээ.Тиймээс гэрийн нөхцөлд гутлаа хэрхэн арчлах талаар өгч буй доорхи зөвөлгөөнд анхаараарай.

Арьсан гутал:   

Ширэн гутлыг намар,өвлийн улиралд өдөр бүр тосолж байвал зөөлрөхөөс гадна нэвт нордоггүй.Харин зуны улиралд сайн тосолж байвал өнгөн хэсгийг үрчийхээс сэргийлнэ.Мөн тосолсны дараа зүлгэж арчих нь чухал.Энгийн даавууны оронд нийлэг оймс хэрэглэвэл илүү гялалзуулдаг юм.Үсний будаг,хумсны лак зэргээс тогтсон толбыг хэрчим сонгино,нимбэгний шүүсээр үрэхээс гадна мебель өнгөлөгч шингээсэн хөвөнгөөр ариж арилгадаг.Эдгээр аргыг хэрэглэх нь хар өнгийн гутланд тохиромжгүй.

Илгэн гутал:

Илгэн гутал нь арчилгаа их шаарддаг. Гэрийн нөхцөлд резиэн сойз,бие угаагчаар цэвэрлэж болох боловч зориулалтын илэгний сойзоор цэвэрлэх нь илүү сайн.мөн илгэний өнгө сэргээгчийг гутал руугаа цацахаас өмнө өнгийг сайн харах нь чухал. Хар өнгийн гутланд хөх толбо тогтож үлдэх тохиолдол их гардаг юм. Элдэв янзын толбыг цагаан талхаар үрвэл амархан арилдаг. Харин тосны толбо тогтвол бензин шингээсэн даавуугаар цэвэрлэж болно.