Засаглалын бүтэц, үйл ажиллагаа
Дархан нэхий ХК-ийн засаглалын тогтолцоо нь хувьцаа эзэмшигчид, удирдлагууд болон бусад оролцогч талуудын ашиг сонирхлын тэнцвэрийг хангаж, компанийн зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлох, хэрэгжүүлэх, хянахад чиглэсэн бүтэц, зохицуулалтын нийлбэр юм.
Манай компани Компанийн тухай хууль, Монголын компанийн засаглалын кодекс, гаднын компаниудын сайн засаглалын туршлагаас суралцан Сайн засаглалыг нэвтрүүлэх, компанийн засаглалаар манлайлахаар чармайн ажиллаж ирсэн бөгөөд Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийг идэвхжүүлэхээр Компанийн засаглалын үндэсний зөвлөл /КЗҮЗ/, Монголын хөрөнгийн бирж /МХБ/-ээс санаачилсан “Сайн засаглалтай хувьцаат компани болохоор хичээж ажиллах “ТУНХАГ БИЧИГ”-т нэгдэн ажиллаж байна.
ДОТООД ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО
Тус компани дотоод хяналтын тогтолцоондоо шат шатны удирдлагууд өдөр тутмын төлөвлөх, гүйцэтгэх, тайлагнах, хянах, зохицуулах үндсэн чиг үүргүүдээ хэрэгжүүлэн ажиллахад ач холбогдолтой байдаг.
- Компанийн үндсэн үйл ажиллагааг явуулж буй нэгжүүд Гүйцэтгэх удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу өдөр тутмын хяналтыг хэрэгжүүлж, тайлагнадаг.
- Компанийн үндсэн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг нэгжүүд Гүйцэтгэх удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу өдөр тутмын хяналтыг давхар хэрэгжүүлж, тайлагнадаг.
- Гүйцэтгэх удирдлагын хэрэгжүүлж буй дотоод хяналтын тогтолцоо нь хэрэгжиж байгаа эсэх, оновчтой байгаа эсэх дээр баталгаажуулалтыг хийж, үндсэн чиг үүргийн хувьд Эрсдэл, аудитын хороонд, захиргааны хувьд Гүйцэтгэх удирдлагад тайлагнадаг.
ДОТООД ХЯНАЛТЫН БОДЛОГО
ТУЗ-ийн зүгээс 2023 оны 11-р сард Дотоод хяналтын бодлогыг улам сайжруулан боловсронгуй болгон боловсруулан баталсан. Тус бодлогын зорилго нь компанийн үйл ажиллагааг үр дүнтэй эрхлэн явуулахтай холбоотой дараах харилцааг зохицуулах, нягтлан шалгах, хяналт тавихад оршино. Үүнд:
– Компанийн үйл ажиллагааг хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм журмын дагуу үр ашигтайгаар удирдан явуулах;
– Компанийн эд хөрөнгийг хамгаалах, найдвартай байдлыг хангах;
– Ашиглан, залилангийн үйлдэл болон алдаанаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, засах;
– Нягтлан бодох бүртгэлийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангах;
– Үйл ажиллагааны болон санхүүгийн мэдээллийг цаг тухайд нь үнэн зөв, бодитоор бэлтгэн гаргах;
– Эрсдэлийг тогтмол хянах, удирдах.
Дархан нэхий ХК нь дотоод хяналтыг:
- Бүх ажилтан,
- Нэгжийн удирдлага,
- Гүйцэтгэх удирдлагын баг,
- Дотоод аудитын баг буюу менежер/,
- ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэл, аудитын хороо,
- ТУЗ,
- Хөндлөнгийн аудит гэсэн шатлалтайгаар хэрэгжүүлнэ.
Дотоод хяналтын бодлогын баримт бичигт эдгээр оролцогч талуудын эрх, үүргийг тусган оруулсан бөгөөд ТУЗ нь ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэл, аудитын хороогоор дамжуулан компанийн дотоод хяналтын үйл ажиллагаанд хяналт тавина.
ДОТООД АУДИТ
Зорилго
Дотоод аудитын зорилго нь компанийн засаглалын үйл явц, эрсдэлийн удирдлагын үр нөлөөтэй байдал, дотоод хяналтын үр ашигт байдалд үнэлгээ хийх тэдгээрийн байнгын сайжруулалтад дэмжлэг үзүүлэх замаар байгууллагын үнэ цэнийг хамгаалах, нэмэгдүүлэхэд оршино. Үйл ажиллагаандаа Олон улсын дотоод аудиторуудын институтийн батлан гаргасан ёс зүйн дүрэм, үндсэн зарчмууд болон дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартуудыг мөрдлөг болгон ажиллаж байна.
Бүтэц, зохион байгуулалт
Дотоод аудитын үйл ажиллагаа нь Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Эрсдэл Аудитын хорооны харьяанд Дотоод аудитын баг гэсэн бүтэцтэйгээр үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж байна . Эрсдэл Аудитын хороо нь Дотоод аудитын дүрэм, стратеги зорилт, эрсдэлд суурилсан аудитын төлөвлөгөө, нөөцийн төсвийг батлах, хэлтсийн даргыг томилж цалин урамшууллыг тогтоохоос гадна аудитын төлөвлөгөөний гүйцэтгэл, үйл ажиллагаанд хяналт тавьж, Дотоод аудитын бие даасан, хараат бус байдлыг баталгаажуулдаг.
Үйл ажиллагааны хамрах хүрээ
Компанийн зорилго, зорилтууддаа хүрэхийн тулд шийдвэр гаргалт, бодлого тодорхойлолт, бизнесийн болон дэмжих ажиллагааны процессууд, комплаенс болон тайлагналын үйл ажиллагааг хамруулан хуваарилагдсан үүрэг хариуцлагыг биелүүлж, чанартай гүйцэтгэл гаргаж байгаа эсэхийг баталгаажуулдаг.
ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА
Зорилго
Эрсдэлийн удирдлагын үндсэн зорилго нь эрсдэл/өгөөжийн харьцаатай уялдуулан бизнесийн сегментүүдэд хөрөнгө хуваарилах, тодорхойлох, хэмжих, хянах үйл явцаар байгууллагын эрсдэлд тохируулсан хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх явдал юм. Эрсдэлийн удирдлагын энэхүү үйл явц нь байгууллагын тасралтгүй ашигт ажиллагаанд чухал ач холбогдолтой бөгөөд компанийн ерөнхий үзэл баримтлал, үнэ цэнд нийцтэй удирдлагын тогтолцоог хадгалах, амжилттай хэрэгжүүлэх, хэрэгжилтэд мониторинг хийж, тасралтгүй сайжруулахад оршино.
Дархан нэхий ХК-ийн эрсдэлийн удирдлага нь эрсдлийг илрүүлж, удирдахын тулд бизнесийн соёл, систем болон процессыг нэгтгэх явц юм. Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр бизнесийн эрсдэлийн орчныг тасралтгүй хянах, сайжруулах боломжийг бий болгож, ажилтнуудын эрсдэлийн талаарх ойлголт, мэдлэг, найдвартай ажиллагааг сайжруулан, удирдлагын түвшинд стратегийн оновчтой шийдвэр гаргах, бизнесийн зорилго зорилтыг дэмжихэд болон бизнест тулгарах алдагдал, хохирол, хор хөнөөлөөс сэргийлэхэд тусалдаг.
Эрсдэлийн удирдлагын бүтэц, зохион байгуулалт
Дархан нэхий ХК нь бизнесийн үйл ажиллагаандаа бүхий л оролцогч талуудын эрх ашгийн тэнцвэртэй байдлыг хангахыг засаглалын бодлогынхоо зорилт болон зарчимд тусгасан. Үүнийхээ хүрээнд 2023 онд компанийн оролцогч талуудаа тодорхойлон, тэдний зүгээс компанийн үйл ажиллагаанаас хүлээх хүлээлт, сонирхлын түвшин, байгууллагад нөлөөлөх нөлөөллийн түвшин зэргийн тодорхойлсон.
Тайлант онд бид хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болон олон нийтийг компанийн талаар үнэн зөв мэдээллээр цаг хугацаанд нь хангах зорилгоор “Олон нийтэд хүргэх мэдээллийн журам”-ыг шинэчлэн баталж, тус журмын дагуу компанийн санхүүгийн үр дүн болон үйл ажиллагааны мэдээ мэдээллийнхээ агуулгыг сайжруулан, цахим хуудас (www.nekhii.mn)-аараа дамжуулж тогтмол мэдээлэн ажиллахыг зорьж байна.
Мөн оролцогч талуудын оролцоог хангаж, санал хүсэлт болон өргөдөл гомдлыг хүлээн авах шийдвэрлэх процессоо улам сайжруулах зорилгоор “Оролцогч талуудын өргөдөл, санал гомдол хүлээн авах, шийдвэрлэх журам”-ыг шинэчлэн баталж, санал гомдлыг нь хүлээн авах сувгуудаа нэмэгдүүлэн, ирсэн өргөдөл гомдлыг тухай бүр шийдвэрлэн, үйл ажиллагаандаа санал хүсэлтийг нь тусган сайжруулж үр дүнтэйгээр хамтран ажиллаж эхэллээ.
Ажилтнуудынхаа эрх ашгийг хангахад чиглэсэн хүний нөөцийн хариуцлагатай менежментийг хэрэгжүүлж эрүүл, аюулгүй орчноор хангах, салбартаа тэргүүлэх цалин урамшуулал олгох, ажлын байрны таатай орчин бүрдүүлж, ажил амьдралын тэнцвэрт байдлыг бий болгосноор ажилтнуудын сэтгэл ханамжийг өсгөх, ажилтнуудын хувийн өсөлт хөгжил болон мэргэжлийн ур чадвараа сайжруулах боломжоор хангах чиглэлд төвлөрч ажилласан. Түүнчлэн нийгэм болон малчид руу чиглэсэн Тогтвортой арьс шир нийлүүлэлт ажлыг амжилттай хэрэгжүүлэн ажиллалаа.
Цаашид ТУЗ-ийн зүгээс оролцогч талуудтай харилцах, хамтран ажиллах бодлогыг боловсруулан баталж тус бодлогын хүрээнд бүх оролцогч талуудынхаа ашиг сонирхол, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, тэдгээрийн зохистой тэнцвэрийг хадгалсан ажлуудыг хэрэгжүүлэн хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Хаяг
Монгол Улс Дархан-Уул аймаг, Дархан сум, Үйлдвэрийн хэсэг.
(+976) 7037-8499
(+976) 7717-5555
info@nekhii.mn,
board@nekhii.mn